Дуган хийдүүдийн үүд хавьцаа харагдах сансарын хүрд хэмээгдэх зургийн учрыг товч өгүүлье. Энэхүү зураг нь арван хоёр шүтэн барилдлага нь ертөнцийн хамаг юм хоорондоо шүтэн барилдаж, амьдралд үйлийн үрийн тойрог болон сансарт оршихыг жишээ болгон харуулж буй хэрэг юм. Үнэндээ үүнээс үүдэн сансрын зургийн бүх зүйл хоорондоо шүтэн барилдлагатайг санах хэрэгтэй.

Зураг дээр дарж томруулж харна уу

Зургийн түүх:
Бурхан багшийг номоо номлож ахуй үесд , Энэтхэгийн төв нутагт дээдийн номд туйлаас сүжигтэй Сүгжиннямбуу хаан аж төрөн ажгуу. Мөн үест Энэтхэгийн өмнөд нутагт цэрэг дайны сүр хүчин төгөлдөр Ударяна хаан суух бөлгөө. Тэр үеийн хаад нэг нэгэндээ бэлэг сэлт ээлжлэн илгээж бэлгийн эдийн үнэ цэнэ ба утга агуулгаар нэг нэгнийхээ санаа бодлыг тандан шинждэг байжээ. Нэгэн удаа Ударяна хаанаас Сүгжиннямбуу хаанд үнэт эрдэнийн чулуугаар чимэглэсэн их хөө хуяг бэлгэнд иржээ. Сүгжиннямбуу хаан бээр энэ үнэт бэлгийн хариуд ямар бэлэг баривал сүр хүчит Ударяна хааны өдөөн хатгалгад өртөхгүй байхаа бодоод олсонгүй.

Тэгээд Бурхан багшид ханджээ. Ударяна хаан нь урьдын их буяны үрт нэгэн болохыг Бурхан багш мэдээд түүнд орчлонгийн хоосныг ухааруулах үүднээс сансрын хүрднийг өөрөө заан хэлж зуруулаад Сүгжиннямбуу хааны хариу бэлэг болгон илгээвээ. Бэлгийг хүлээн авсан Ударяна хааны түшмэдүүд манай хааны үнэт бэлгийн хариуд нэг муу зураг явуулсан Сүгжиннямбуу хааныг довтолсугай хэмээлдэхэд Ударяна хаан: “Сүгжиннямбуу хааны оршин буй оронд нэгэн бурхан ном номлож буй гэж би дуулсан. Энэ яав ч учиртай эд байх” гээд нөгөө зургийг долоо хоног ажиглан гүн бясалгасаар орчлонгийн жамыг ухаарсан гэдэг.

Шүтэн барилдлага нь арван хоёр зүйлээс бүрдэх бөгөөд сансарт орших зургаан зүйл хамаг амьтны үйлдэх үйлийн үндсийг хураангуйлсан гүн ухааны нэр томъёо юм. Тийм ч учраас тэдгээрийг хүнд ойлгомжтой болгохын тулд эгэл хүнд ойлгогдохоор бодож сансрын хүрдний хамгийн гадаад тойрогт ёгтлон зурсан байх ажээ.

Шүтэн барилдлагын арван хоёр зүйлийн тайлбар /хамгийн гадна талын тойрог/

1. Мунхаг Таяг тулсан бөгтөр, сохор өвгөн явж байна. Хүн мунхаг харанхуйгаасаа болж насан турш нүгэл үйлдэж, мунхаг байдалдаа дассанаас ертөнц нь зовлонгийн мөн чанартайг үл мэдэх ажээ. Тийм учраас мунхаг харанхуйг доголон, сохор өвгөнөөр төлөөлүүлжээ. Сохор байгаагаас хүссэнээ харж үл чадах. Үүний гол шалтгаан нь зовлонг үл ухаарч жаргал хэмээсэн мунхаг байдал нүдийг нь эгнэгт хаасан явдал юм.

2. Хуран үйлдэх Аливаа сав хураах хадгалах зориулттай, тийм учрас ваар сав хийж буй ваарчинг энэ зурагт харуулжээ. Бид бүгд ваарчин хүн шиг өөрсдийн хувь заяаг бүтээнэ. Бид ваар савыг хичнээн сайн бүтээвч хэмхрэх чанартай л зүйл шүү дээ. Хуран үйлдэх нь үйлийн үрийн үндсэн шалтгаан болох үйл мөн билээ. Үйлдсэн үйл нь цаашдын гарах үйлийн үрийн шууд шалтгаан болдог билээ.

3. Тийн мэдэхүй Модны мөчрөөс дүүжлэгдэж буй сармагчин. Тийн мэдэхүй буюу танин мэдэхүй гэдэгт юмыг дуураймтгай амьтан болох сармагчингаар төлөөлүүлжээ. Сармагчин бол зөвхөн юмыг өөрийн бодлоггүй дуурайхаас цааш хэтэрдэггүй. Тэгвэл бид сармагчингаас төрөл дээр /дээд төвшиний/ амьтан болохын хувиар юмыг дууриах биш Бурханы шашны сургаалд заасан ёсоор ертөнцийг үнэн зөвөөр танин мэдэж авах ёстой.

4. Нэр, дүрс Завиар явж буй хүн байна. Амьдрал бол далайн ус шиг дүрс төдий зүйл юм. Харин хүн бол уг чанараасаа хоосон учир нэр төдий юм. Хэрвээ завь хөмөрвөл би гэж гайхуулаад байх зүйл юм юу үлдэх билээ. Харагдах дүрс, оноосон нэр байвч мөн чанар нь хоосон болохоор би гэж төөрснөөс би үгүй хэмээх гүн ухааны зөв үзлийг баримтлах нь зүйтэй юм. Тэгтэл ихэнхи хүн амьдралын далайд би хэмээх буруу үзэл баримтлалаасаа болж төөрч явдаг.

5. Төрөн түгэхүй Хоосон байшин байна. Энэхүү хоосон байшин нь нэг бол зургаан цонхтой эсвэл таван цонхтой байдаг. Эдгээр нь тав, зургаан мэдрэхүйг үзүүлж байдаг юм. Үүнд: харах, сонсох, үнэрлэх, амтлах, мэдрэх орно. Заримдаа оюун ухааныг оруулан зургаан мэдрэхүй болгодог. Үүгээр мэдрэхүй бүрэлдэж төрөл олж буйг харуулжээ. Төрөл олох нь зовлонд нэрвэгдэх үндсэн шалтгаан болдог юм.

6. Хурьцахуй Хурьцал үйлдэж буй эр, эм хоёр байна. Хүрэлцмэгц тачаал үүснэ. Эр, эм хүмүүс цаг хугацаанд хурьцлын зугаа цэнгэлийн гол болгосон урин тачаангуй амьдралаар амьдрах бус ертөнцөд хүн болж төрсний жинхэнэ үнэнийг эрж хайж бүтээлч амьдрах ёстой.

7. Хүртэхүй Нүднийхээ цөцгий руу сум шааж буй хүн байна. Хүн ертөнцөд төрсөн л бол заавал өвдөх, өтлөх, үхэхийн зовлонд нэрвэгддэг. Өөрөөр хэлбэл энэ бүхнийг өөрийнхөө үйлийн үрээр эдэлж буй учир нүд рүүгээ сум шааж буйтай ижил юм. Хүн нүд рүүгээ сум шаалгасан мэт зовлон хийгээд жаргалыг ухамсарлаж танин мэдэх хэрэгтэй.

8. Сэрэхүй Гартаа хундагатай архи өргөсөн хүнийг харуулжээ. Архичин хүн архиндаа цаг үргэлжид шунан насаа бардаг шиг хүмүүс амьдралдаа үр ашиггүй юм уу, өөрт эргээд хор хүргэх нүгэлт муу үйлийг хийн амьдарч байдаг. Харин тэр бүхнийг ухаарч таньсан хүн муу үйлийн нойрноос сэрж өөртөө болон өрөөл бусдад ч ач тустай буянт сайн үйлсэд амьдралаа зориулах зөв замаа олж авдаг.

9. Авахуй Энд жимс түүж буй хүнийг харуулна. Аливаа хүн санаа сэтгэлдээ тохируулан бүх зүйлээ сонгож авах ёстой. Гэхдээ хүн аливаа зүйлд ханахгүй эцэст нь түүндээ нэрвэгддэг. Уг нь хүн аливаа зүйлийг өөртөө ашигтай хэрэглэдэг байтал аливаа зүйлд боолчлогдох нь хортойг үүгээр үзүүлжээ. Хүн зөвхөн авах төдий биш эх болсон зургаан зүйлийн хамаг амьтанд өглөг тэргүүтнээр аль чадахаараа туслаж байх ёстой.

10. Болохуй Жирэмсэн болсон эмэгтэйг энд үзүүлж байна. Хүн ба аливаа амьтан өөрийн амьдралыг залгуулахаар өөрийн удыг төрүүлдэг ертөнцийн зүй тогтлыг үүгээр харуулж байна. Өөрөөр хэлбэл нэг биеэс нөгөө хоёрдогч бие төрдөг билээ.

11. Төрөхүй Хүүхэд төрүүлж буй эмэгтэйг харуулжээ. Хүүхэд төрөх нь амьдралын залгамж холбоо, хүн төрөлхөн хөгжихийн уг үндэс юм. Шинэ мэндэлсэн хүний амьдралын гол зорилго бол оюун билгийн чанад хязгаарт хүрэх явдал юм.

12. Өтлөхүй, үхэхүй Мөрөн дээрээ шарил үүрсэн хүн оршуулгын газар луу явж байна. Хүн амьдраад үхэх нь орчлонгийн жам ёс билээ. Амьдралын туршид хйсэн нүгэл хилэнц нь нуруун дээрээ шарил тавьсан мэт бөгцийлгөн оршуулгын газар луу хөтөлдөг билээ. Энэ бол хэдийгээр давс мэт гашуун зүйл боловч үнэн зүйл юм. Үхлээр бүх зүйл сайжрахгүй. Яагаад гэвэл, үхлийн дараа сүнс нь эргэн төрж энэхүү ертөнцөд амьдран орчиж байдаг. Тийм ч учраас оршихуйн хүрд, орчлонгийн хүрд буюу сансрын хүрдний арван хоёр шүтэн барилдахуй нь үйлийн үрээр дахин дахин төрөх сүнсний тухай өгүүлж байгаа хэрэг билээ.

Эх сурвалж: budda.mn, mongoliantemple.com

Сэтгэгдэл үлдээх on Шүтэн барилдлага буюу сансрын хүрд зургийн утга, тайлбар ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.