Т.Ядамсүрэн: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ, ОРЧИН ЦАГИЙН АНАГААХ УХААНТАЙ ЗӨВ ХОСЛУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

-Та элэгний хавдар өвчнөөр хэдийд өвчилсөн бэ? Хэзээ хаана онош тогтоов, биеийн байдал тань ямар байв?

-Миний бие 2014 оны 8-р сарын эхээр муудаж, хэвтрийн байдалд дөрөв, тав хоносон. Хоол ундны үнэр авмагц огиулж, чээжээр цанхайж, биеийн байдал эрс муудсан. Өрхийн эмч Ишжамц үзээд аймагт анагаахын доктор, профессор Цулбуур багш ирсэн байгаа түүнд яаралтай үзүүлээд оношоо тодруул гэж хэлсэн юм. Цулбуур эмч ЭХО-д харж, “элгэнд том хавдар 6,4х7,7 см байна. Яаралтай хот явж, Хавдар судлалын эмнэлэгт оч. Яаж эмчлэхийг тэднийх мэднэ” гэж хэлэхээр нь би тэнд очихыг татгалзсан. Юуны учир татгалзаж байгаа учраа дараах байдлаар хэлсэн.

Хэрэв хортой гэвэл ардын эмнэлгээр яв гэнэ. Хоргүй бол тайрна гэнэ. Элгийг оёж болох бишдээ. Хэдэн жилийн өмнө сэмжээр нь боогоод орхидог байсан. Одоо тайрсан хэсгийг түлдэг болсон гэнэ билээ. Бас судсыг боодог аргатай болсон гэдэг. Эдгээр нь түр зуурын аргацаасан эмчилгээ гэж би боддог. Ная гарсан настай би мэс хүргээд хэрэггүй биз дээ гээд л гарсан.

Хоёр гурав хоногийн дараа дахиад уулзахад дахиж хараад Хавдар чинь том шүү 14.0х92 см байна. Хортой байх магадлалтай, тэгэхээр хот явах хэрэгтэй гэж Цулбуур эмч хэлсэн. Би хавдар судлалд очихгүй гэдгээ хэлээд л гарсан. Миний биеийн байдал тэр үед ямар байсныг эмнэлгийн орлогч дарга Цэрэндолгор, Зүрх, Дотрын эмч Д.Цэрэндолгор. нар сайн мэднэ. Тэд гэрээр ирж, эм тариа хийж, зөвлөгөө өгч санаа тавьдаг байсан юм. Нэр дурьдсан эмч нартаа баярласнаа хэлж, та нарынхаа ачийг санасаар явдаг шүү гэдгээ илэрхийлье.

-Таны элэг гэнэт өвдсөн хэрэг үү? Урьд өмнө нь өвдөж байсан юм уу?

-1979 оны зун Цагаан даваагаар чехийн улаан яав-тай /мотоцикилтэй/ нилээд хурдтай явж байгаад замын элсэнд унахдаа элгээ гэмтээж, намар нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж, хажуугаар нь монгол эм уугаад эдгэрсэн юм. Гэтэл 2-3 жилийн өмнө сахарын өвчтэй байна гэж Булчирхайн эмч нар оношлоод жил шахам “нойр булчирхайн эмийг хөнгөлөлттэй үнээр уусан. Энэ нь элэгний хуучин үрэвслийг сэдрээсэн хэрэг. Иймээс хавдар үүсэх шалтгаан болсон гэж эмч нар хэлдэг. Энэ нь ч үндэстэй болов уу. Шинжлэх ухааны эм зарим талаараа бусад эд эрхтэнд гажаар нөлөөлдөг гэдэг юм билээ.

-Та ямар нэртэй эм тангаар эмчилсэн бэ? Түүнийг өөрөө хийсэн үү, хүнээс авсан уу?

-Эм тангаа өөрөө хийсэн. Миний авга ах Баатар гэж Заяын Доод хүрээнд шавилан сууж, 30 гаруй жил түвд ном үзсэн маарамбын зиндаанд хүрсэн хүн байсан. Тэр хүн 1976 он хүртэл амьдарч, надад эм тан хийхийг зааж, эмнэлгийн ном судар уншуулдаг байсан. Тэгээд тэр хүний эмнэлгийн олон ном судар өвлөгдөн үлдсэн. Олон жорын дотроос 4-5 жор сонгож аваад эм тангаа өөрөө найруулсан. Тэгэхдээ эдгээр жорондоо “хүдэрийн заар”-ыг ахиухан хийж найруулсан. Хүдрийн заар чинь элдэв нян хорыг устгах их увидастай, байгалийн гайхамшигтай бүтээгдэхүүн шүү дээ. Дорно дахины эмнэлэгт маш эртнээс хэрэглэж ирсэн чухал зүйл учир Хятад, Солонгос, Япон гэхчлэн олон улс үнээр зодож, Монголын хүдрийг цөлмөж дуусгаж байна даа. Би өдөрт 4-5 төрлийн эм уугаад 3 хоног дээрээ гэдэс базалж, хар өнгөтэй шингэнээр туулгахаар нь би дотуур цус алдаж байгаа юм уу гэж эргэлзэж байсан. Гэвч тэр нь элэгний хавдрын хорыг туулгасан туулга байсан бололтой. Үүний дараа бие хөнгөрч, цанхайж цардайх нь намдаж, хоол ундандаа орсон юм. Эмийн нэрийг нэрлэх боломжгүй. Эртний ном сударт эмийн зарим жор, зурхайн зарим зүйлийг чандлан нууцлахыг заасан байдаг. Энэ дэглэмийг сахих ёстой гэж боддог.

Өөрийн найруулсан эмээ 8-р сарын 12-ноос 9-р сарын 15-ныг хүртэл хэрэглээд биеийн байдал сайжирсан. Эмч нар “таны биеийн байдал сайжирч байна. Био химийн шинжилгээ хийж, Дэлгэрхангай эмч амраад ажилдаа орсон. Эход үзүүлье” гэсэн. Тэднийхээ зөвлөгөөг дагаж, бүх шинжилгээг хийлгэхэд нааштай засарсан байна. Та хавдар судлалд очиж, хортой хоргүй гэдгийг тодруулах хэрэгтэй гээд 13 дугаар маягтаар илгээмж өгсөн юм.

-Таны хавдрыг Хавдар Судлалын эмнэлэг хортой гэв үү. Хавдрын хэмжээ ямар байв. Тэнд эмчилгээ хийлгэв үү?

-Хавдар судлал 10 шахам шинжилгээ хийж, Солонгосын Сонгодо эмнэлгээр дурангийн иж бүрэн шинжилгээ хийсэн. Элэг хорт хавдартай, AFР /Альфафетопротейн/ 586,7 хавдрын хэмжээ 10,0х7,4 см байсан тул, мэс засал хийх боломжгүй, та зөвшөөрвөл дараагийн долоо хоногийн төлөвлөгөөнд оруулъя. Тэнд удахгүй 72 цаг болоод гарна. Өвчний шаналгаагүй болно. Тэгээд нутагтаа буцаж, Хавдрын эмчийн хяналтанд байх хэрэгтэй гэсэн. Би боолгохгүй гээд орхисон.

-Тэгээд дараа нь яасан бэ?

-Хот хөдөөнөөс олон хүн утсаар хотод Улаан гэдэг Хятад эмч байдаг. Тэр л хорт хавдрыг эдгээсэн, Их Хурлын гишүүн, аварга Б.Бат-Эрдэнийн авга ах Цэнхэрийн Намширыг олон жилийн өмнө эдгээсэн, Өндөрсантад бас ийм өвчтэй хоёр хүн, Улаанбаатарт олон хүнийг хавдар өвчнийг эмчилсэн гээд түүний утас, хаягийг хэлж байсан. Би Улаан эмчтэй уулзаж, дурангийн бичлэгийг үзүүллээ. Судас барьж үзээд та өндөр настай ч гэсэн элэгнээс бусад эрхтэн, ходоод чинь их сайн байна. Эмчилгээ дааж чадна гэж байв. Та яаж эмчлэх юм вэ? Таны эм тарианд антибиотик бий юу гэж асуухад, “Байхгүй ээ. Хятад улсын уламжлалт эмнэлгийн жороор найруулсан тариа хэрэглэнэ. Энэ тарианы үр дүнд бие чинь сайжирна” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би “таны эмчилээг хийлгэе. Хавдар судлал боолго гэсэн, болгочихоод хийлгэж болох уу” гэж лавлахад “тэгвэл би танд эмчилгээ хийхгүй” гэлээ. Яагаад гэж асуухад бооход жижиг хавдар үсэрхийлэхгүй байж болно. Өвчилсөн хэсэгт эмчилгээ хийхгүйгээс хавдар хэзээ нэг цагт задарна. Тэгээд л дуусна гэв. Энэ санаа миний бодолтой нийлж байсан учир би Улаан эмчээр эмчлүүлэхээр шийдсэн дээ. Надад 14, 12, 10, 8, 5 хоногоор, таван удаа судсаар хийх тариаг 10-20 хоногийн завсарлагатай хийнэ. Гурван сарын дараа таны өвчин эдгэрнэ гэж хэлж байв. Танаас тэсвэр шаардана гэж хэлээд тарианы заавар, хоол ундны дэглэмийг тайлбарлаж хэлж өгсөн.

Эхний 14 хоногт өдөрт 400гр натртай хоёр төрлийн тариаг 15 цагт багтааж дуслаар тарьсан. Том хавдартай элгэнд их хэмжээтэй тариаг огцом хугацаанд таривал элгэнд муу, иймээс маш аажим туслаар хийх хэрэгтэй. Дараагийн өдрийнхийг 12, 8 цагт багтааж, дөрөв дэх өдрөөс 2 цаг хагасаар хийгээрэй гэсэн. Эхний өдрийнхөө тариаг өглөө 6.30-аас орой 21.30 хүртэл хугацаанд хэвтэрт байж хийлгэсэн. Тариаг хийхээр маш их эвгүй үнэртэй хөлс асгарчихдаг юм билээ. Миний жин анх 93 кг байснаа буурч тариа эхлэхэд 82 кг байсан бол тариа дуусахад 69 кг болтол турж, бараг толгойгоо даахгүй болтол турж арай ядан босч байсан. Энэ тариаг хийгээд хоёр хоносны дараа анх монгол эм уухад суулгасан шиг хар өнгөтэй бага хэмжээтэй суулгаад зогссон. 14 хоногийн тариагаа дуусгаад тав хоног амраад Улаан эмчид үзүүлэхэд судас барьж байснаа “Хай, үхлээс гарсан ба” гэж хэлэхэд хажууд байсан хүүхдүүд маань /Гантулга, Гүнбилэг/ маш их баярласан гэсэн. Улаан эмч дараагийн 12,10,8 хоногийнхоо тариаг орон нутагтаа очиж хийлгэ. Та журам сайн сахьсан байна. Миний өгсөн тариаг эмч сувилагч нар үзээд манайд ирээгүй, зөвшөөрөгдөөгүй гээд хийж өгөхгүй байж мэднэ. Та учрыг сайн хэлээрэй гэж байв. Би нутагтаа ирээд эмч нарт бүх учрыг сайн тайлбарласан. Нэгдсэн эмнэлгийн дарга Ч.Ариунаа надад тариа хийх сувилагч гаргаж өгч, бүх тариаг ном журам ёсоор хийлгэсэн. Би хятад тариатай, өөрийнхөө найруулсан эмээ хавсарган ууж байсны дээр эмч нарынхаа зөвлөсөн ёсоор Альбумин тариаг гурван удаа тариулсан. Ингэж л бид хорт хавдрыг анагаасан юм.

-Элэгний хавдартай тэмцэхэд ямар дэглэм, журам сахиж байсан бэ?

Энэ бол маш чухал гэж бодож байна. Эмчилгээг үр дүнд хүргэх гол арга нь дэглэм, журмыг сахих явдал юм.Үүнд дөрвөн зүйл зарчим барьж байсан юм.

-Олон зүйлийн эмийг хольж хэрэглэж болохгүй, ялангуяа антибиотикийн төрлийн эмийг хэрэглэхийг цээрлэдэг. Олон эм бие биеийнхээ үйлчилгээг самууруулчихдаг.

-Хоол хүнсийг тохируулах, элдэв төрлийн халуун ногоо, лаазалсан зүйл, жимс ногоог хэрэглэхийг тэвчих хэрэгтэй.

-Сэтгэл санаа тайван, сэтгэлийн хөөрөл, гуниг гутралгүй амгалан тайван, сэтгэлийн хаттай байх

-Ажил хөдөлмөр, хувцас хэрэглэлийг зөв сонгож, ноосон хөвөн даавуун хувцас өмсөж, хөлсөө сэвэхгүй, салхинд цохиулахгүй, халуун хүйтнийг тохируулж байх хэрэгтэй.

-Та эмээ юугаар найруулдаг бэ? Манай нутгийн цэцэг навч ургамал их орох уу?

-Энэ бол амаргүй, хэцүү асуудал. Монгол нутгийн ургамлын түүхий эд гэхэд сайн даа л 30-35 орчим хувийг эзэлнэ. Бусад нь халуун хүйтэн, сэрүүн орны, далай тэнгисийн ургамал үр буурцаг, эрдэс, чулуулаг, амьтны яс, эвэр гэхчлэн олон зүйл шаардагдана. Олдох нь маш хэцүү Монгол нутгаас гэхэд говь, хангайн Алтай, Хэнтийн гэх мэт байгалийн бүсүүдийн ургамал зэрэг материал хэрэгтэй. Ган гачгийн улмаас зарим нь ургахаа байсан байдаг. Гадаад орны ховор материалыг хүү Ганбаяр /хүү нь анагаах ухааны доктор ,багш байсан/ амьд ахуйдаа Энэтхэг, Түвд, Орос, Армен зэрэг орнуудаас бага сага зүйл цуглуулж өгсөн. Мөн Монгол эм импекс концерн, Гандан хийд мэт газраас амь залгуулж байна.

-Таныг хүмүүст өвчин зовлонтой эм тан өгч тус болдог гэж гадуур их ярьдаг юм билээ. Хэдийгээс эхэлсэн, барагцаалбал хичнээн хүн танд хандсан бэ?

-Юм бүхэн нээлттэй, чөлөөтэй болсон 1990-ээд оны дунд үеэс эхэлсэн. Надад хандсан, эм тан авч хэрэглэсэн хүмүүсийн нэр хаяг, өвчний онош, өгсөн эм тангийн нэр бичээстэй дөрвөн дэвтэр бий. Давхардсан тоогоор хоёр гурван зуун хүн байгаа болов уу. Би өөрөө хүний өвчнийг оношилдоггүй. Эмч нарын картанд нь бичсэн оношийг үндэслэж таар ч тохирох болов уу гэсэн эм тангаа өгдөг дөө.

-Танд янз бүрийн л өвчтэй хүн ханддаг байх. Түүний дотроос хортой, хоргүй хавдартай хэн гэдэг хүнд эм тан өгч тусалж байв. Үр дүн нь ийм байсан гэдгийг хэлэх баримт нотолгоо бий юу?

-Олон жилийн баримт хэлж болно. Хамгийн ойрын баримт гэвэл 2015 гэхэд давсагны хавдартай Д.Баяртогтох,элэгний хавдартай Увсын Б.Цэрэнсамбуу, Эрдэнэбулганы Д.Цэрэндулам, ходоодны хавдартай Ж.Даваасүрэн гээд олон хүнд эм тан өгсөн. Эд бүгд хорт хавдартай гэж Хавдар Судлалын төвд оношлогдсон хүмүүс, бүгдийнх нь бие сайжирч эдгэрсэн. Энэ талаар эмчлүүлсэн хүмүүсээс нь лавлах нь зүйтэй байхаа. Харамсалтай явдал ч тохиолдох нь бий. Саявтархан “Б” гэгч идэрхэн эр “Элэгний хорт” хавдраар өвчилж, Хавдар Судлалын Төвд оношоо тогтоолгоод надаас эм тан авч гуравхан өдөр ууж эхлээд өөд болсон юм. Хугацаа алдаж өвчин хүндэрсэн болов уу гэж бодож сууна.

Энэ дашрамд хэлэхэд Дорно дахины анагаах ухааны эм тангийн жорд ордог ганц нэг ургамлын нэрийг дам сонсоод л түүнийг уухаар өвчин эдгэдэг мэтээр хандах хандлага их байна. Жишээ нь туулайн зүрх зүрхэнд сайн гээд бүхлээр нь идлээ, чонын ходоод ходоодонд сайн гээд идчихсэн, үнэгний уушиг уушгинд сайн гээд хэрэглэсэн гэх буюу сүүлийн үед гишүүний /айргана/ үндсийг хавдарт сайн гээд ам дамжин ярьж, асууж сураглаж байгаа нь үндэслэлгүй, үр дүн муутай даа. Эдгээр нь эмэнд ордог нэг зүйлийн материал шүү. Өөр олон юмтай нийлж эм, тан болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Үнэгний уушиг /Вало/-нь 7,8,25, гишүүнэ /Жумз/ нь 3,9,15 зүйлээр тодорхой цэн, фунгийн хэмжээгээр найруулж байж эм, тан болж хэрэглэдэг учиртай.Учир мэдэж чадах мэргэжсэн хүнээс асууж, зөвлөгөө авч байх нь зүйтэй юм.

Т.Ядамсүрэн гуайтай ийнхүү ярилцсаны дараа тэрээр нэмж дараах тайлбар хийхийг хүсээд намайг өөрийгөө сурталчилж байна гэж бодох вий гэсэн юм.

Та бүхэн намайг сурвалжилж байгааг чинь өвчин зовлонд нэрвэгдсэн олон хүнд тус хүргэх, Дорно дахины анагаах ухаан, орчин үеийн анагаах ухаан хоёрыг хослуулан зөв хэрэглэж чадвал, үр дүнд хүрч болох талтай гэдгийг олон түмэнд сонордуулах л зорилготой болов уу гэж бодож ний нуугүй ярьж байна.

Түүх шаштир сөхөж үзвээс Дорно дахины анагаах ухаан 5000 жилийн тэртээ үүсч, ведийн үеэс ном судар нь бичигдэж Энэтхэг улсад үлдсэн, Бурханы шашин гурав дахь удаа /2600 жилийн өмнө/-гийн дэлгэрэлтийн үеэс Буддын шашны арван ухааны нэг ухаан /Тэжээхүй ухаан/ болон эдүгээтэй золгосон эртний ухаан ажээ. Энэ ухаан дээр л одоогийн анагаахын шинжлэх ухаан суурилсан гэдгийг эрдэмтэд нотолж байгаа. Орчин үеийн шинжлэх ухаан хөгжөөд 300 жил хүрээгүй. Ялангуяа эмийн ухаан нь1834 онд мэндэлсэн Оросын эрдэмтэн Менделеев үелэх системийг нээсэн 1860-аад оны сүүл үеэс тооцдог болохоор 200 хүрэхгүй жилийн түүхтэй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой.

Тиймээс уламжлалт анагаах ухааныг, шинжлэх ухааны анагаах ухаантай зөв хослуулан хоёр хөл дээрээ тэнцвэртэй явах нь зөв гэж би боддог. Аль нэгийг нь туйлшруулж, ганц хөл дээр явна гэвэл онохоос алдах нь их байх болов уу. Ийм хандлага байгаад харамсаж явдаг. Анагаах Шинжлэх ухаанд давуу зүйл их байна. Ялангуяа онош зүйн олон сайн арга нэвтэрч байгаагаараа маш их давуутай. Төр засгийн бодлого нь үндэсний уламжлалаа ойлгодог,шинжлэх ухаантай хослуулж чаддаг эмч мэргэжилтэн бэлтгэхэд онцгой анхаараасай, түүх соёлоо судалж мэддэг байгаасай гэж бодож явдгаа илэрхийлье.

Ядамсүрэн гуай бичиж туурвих талдаа бол хэзээний ул үндсийг нь хөөдөг, нэг атгасан зүйлийнхээ учрыг олох гэж махардаг нэгэн юм билээ. Тэр чанар нь ч сурвалжлагын явцад илэрч, намайг үзэж, эмчилж байсан эмч нартай, надаас эм тан авсан хүмүүстэй ч заавал уулзаарай гэж байв.

Ингээд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дурангийн эмч, клиникийн профессор Б.Дэлгэрхангай эмчтэй уулзлаа. Тэрээр Ядамсүрэн гуайг анх элэгний хавдартай байна гэж оношилжээ.

-Та Т.Ядамсүрэн гуайг анх хэдийд үзсэн бэ? Биеийн байдал, өвчний явц, хавдрын хэмжээ ямар байсан бэ?

-2014 оны 9-р сарын 15-нд анх үзэхэд эцэж турсан, хордлогод орсон байсан. Эхо-гоор харахад элэгний найман сегментээс II, III, IV-р хэсэгт 10,0х7,8 см хоёр хэсэг хавдартай хүнд байдалтай байсан. Хот явж хавдар судлалд очиж оношоо баталгаажуулахыг зөвлөсөн. Бас манай хоёр Цэрэндолгор эмч ийм зөвлөгөө өгсөн байсан. Өөрөө явах дургүй байсан боловч бидний зөвлөмжийг зөвшөөрч, Хавдар судлалын Үндэсний Төвд очиж нарийн шинжилгээ хийлгэсэн юм.

-Онош нь яаж батлагдсан бэ? Тэнд эмчилгээ хийлгэсэн юм уу?

-Хавдар судлалын төв олон төрлийн шинжилгээ хийж, Сонгодо эмнэлгээр дурангийн шинжилгээ хийгээд миний тогтоосон элэгний хавдрыг “хорт хавдар” гэж тогтоосон байв. Элэгний зүүн дэлбээг бараг авч хамарсан 10,0х7,4 см хүрээтэй, алфафетопротейн /АFР/ нь 587,7 болж элэгний хорт хавдар болох нь батлагдсан байсан. Элэгний хавдрыг боож эмчилье гэсэн боловч өөрөө шууд татгалзсан байсан.

-Ер нь элэгний хавдар хэрхэн үүсдэг юм бэ?

-Эд эсийн гаралтай, холбогч эд эсийн гаралтай гэж ангилж, хавдрыг тогтоож оношилдог юм. Ядамсүрэн гуайд эд эсийн шинжилгээ хийгээгүй, биохимийн болон дурангийн аргаар хавдрыг тодорхойлсон юм.

-Ядамсүрэн гуай энэ хавдраа яаж эмчилчихсэн юм болоо?

-Бидэнд ярихдаа Хятад эмч Улаанаас хэдэн төрлийн тариа авч 14,12,10,8,5 хоногоор хийлгэсэн тарианыхаа Хятад хэлээр бичсэн зааврыг үзүүлж байсан ч тэр тарианы тухай бид мэдэхгүй. Сувилагч гаргаж тариулж байсан. Энэ тариатай хамт хүдрийн заартай хэдэн төрлийн эм танг өөрөө найруулж ууж байсан гэдгийг мэднэ. Энэ тариа эм хоёрыг гурав дахь удаа уухад хавдар 5,3х5,4 см болж эрс буусан байсан. Уусан эмийн жор нь манай нутгийн алдартай эмч Лүнрэг Дандар гэдэг хүнийх байсан болов уу гэж бодож байна. Тэр хүний бичсэн олон зохиолыг тэр бүр нарийн судалж мэдсэн хүн ховорхон гэж мэргэжлийн эмч, эрдэмтэд ярьдаг юм билээ.

-Т.Ядамсүрэн гуай өөрийнхөө элэгний хавдрыг эмчилсэн явдлыг та юу гэж үзэж байна бэ?

-Ядамсүрэн гуай тариа хийлгэж, эм тан ууж байхдаа надад сар тутам үзүүлдэг байсан. Сая нэг хоногийн өмнө үзэхэд элэгний хавдрын сорви ганцхан цэгт харагдах төдий байв. Би олон удаа үзэж байсан учир хаанаа ямар байсныг сайн мэддэгийн хувьд ийм л сорви байгаа нь мэдэгдсэн дээ. Тэгэхээр элэгний хавдрыг анагаах ийм эмчилгээ байна гэдгийг баттай ойлгууллаа гэж бодож байна. Т.Ядамсүрэн гуай өөрийгөө эмчлээд зогсоогүй, элэг ходоод, давсагны хавдартай хүмүүст эм тан өгч эдгэрүүлсэн. Бид аймгийнхаа хэн яаж эмчлүүлээд яав гэдгийг мэднэ. Увс аймгийн элэгний 8 сегментийн тавыг хамарсан 13,5х12,5 см хэмжээтэй хавдартай, альфафетопротейн нь 6324,0 хүрсэн хүнийг эдгэрүүлсэн өвчний карт, шинжилгээ, Хавдар Судлалын Үндэсний Төвийн дүгнэлт,өвчитний талархлын бичгийг үзсэн. Энэ баримтуудаас үзэхэд хавдрыг монгол аргаар эмчилж болох юм байна гэдгийг харуулж байна. Ядамсүрэн гуай хавдар өвчнийг хүдрийн заартай эм тангаар эмчлэгдэж байгаа нь анхаарах чухал асуудал гэж бодож байна. Ядамсүрэн гуай манай эмч нартай ойр дотно харилцаатай байж, биднээс зөвлөмж зөвлөгөө сонсож, өөрөө дэг журам сүрхий сахисан нь ийм хүнд өвчнийг анагааж чадсан байхаа.

Т.Ядамсүрэн: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ, ОРЧИН ЦАГИЙН АНАГААХ УХААНТАЙ ЗӨВ ХОСЛУУЛСНААР ХОРТ ХАВДРЫГ ЭМЧИЛЖ ЧАДСАН 10 сэтгэгдэлтэй

10 сэтгэгдэл “Т.Ядамсүрэн: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ, ОРЧИН ЦАГИЙН АНАГААХ УХААНТАЙ ЗӨВ ХОСЛУУЛСНААР ХОРТ ХАВДРЫГ ЭМЧИЛЖ ЧАДСАН”

  1. Худлаа юм билээ би утсаар нь залгаад холбогдохгүй л юм билээ эрж байж Улаан эмчийн утсыг олоод ярьсан чинь би одоо тийм эмчилгээ хийхээ больсон дахиж битгий залгаарай гээд зугатаагаад хавьтуулахгүй бна лээ үнэн бол гар харж жороо нуугаад байх ямар шаардлага байгаа юм бэ хэлээд л өгнө биз

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.