Монгол улс зуун мянган хүн тутам дахь элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд орж байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их байгаа нь үнэхээр өр өвтгөсөн баримт юм.

Сүүлийн 10 жил манай улсад элэгний хавдрын нас баралт улам нэмэгдэж жилд дунджаар 2600 хүн вируст хепатитын улмаас нас бардаг гэсэн судалгаа байна, энэ нь хоногт дунджаар долоон хүн элэгний өвлөлөөр нас барж байгаа гэсэн үг юм. 

 Ийнхүү элэгний ѳвчлѳлийн нас баралт манай улсын жилийн нийт нас баралтын 15 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм.

Элэгний хавдрын 85 хувь нь вируст хепатитын шалтгаантайг эмч мэргэжилтнүүд анхааруулдаг. Түүнчлэн архи согтууруулах ундаа хавдар үүсгэгч гол эрсдэлт хүчин зүйл, гол хурдасгуур нь болдог. Хавдрын Судалгааны Олон улсын агентлагаас  согтууруулах ундааг 1988 оноос хойш хавдар үүсгэгч бодисын 1-р ангилалд оруулдаг болсон байна.

Элэгний B, C вирусын халдвартай 750.000 хүн Монголд амьдардгаас В вирусын халдвартай 300.000, С вирусын халдвартай 450.000 хүн бий гэсэн судалгаа байна.  Өвчтөнүүдийн хувьд С, D вирусын эм болон элэгний шинжилгээний үнийг  эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамруулахыг төрийн байгууллагуудаас хүсч байгаа юм.   

Харин Оном сан, Элэгний төв, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг хамтран “Эрүүл элэг”  хөтөлбөрийг хэрэгжүүлснээр элэгний хорт хавдар үүсгэгч хепатитын С вирусын халдварын тархалтыг 2020 он гэхэд Монгол улсад таслан зогсоох, вируст хепатитын үүдэлтэй элэгний хавдaр, хатуурлын нас баралтыг 2020 он гэхэд Монгол улсад 50 хүртэл хувь бууруулах зорилт тавьсан бөгөөд Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт  тусгуулж, шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах бэлтгэлээ хангажээ. “Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд В,С вирустэй 5000 хүнийг бүрэн эмчилж, 4000 орчим хүн эмчлэгдэж байгаа гэсэн таатай мэдээ байна. 

Ард иргэдийн дунд оношилгоонд хамрагдаж, элэгний эмгэгээ эрт илрүүлэх тал дээр мэдлэг, мэдээлэл дутмаг учраас манайд  хавдрын шатанд нь мэдэх нь түгээмэл байгаа билээ. 40-өөс дээш насны эрэгтэйчүүд, 50-иас дээш насны эмэгтэйчүүд, гэр бүлд нь хэн нэгэн элэгний хавдраар өвдөж байсан түүхтэй хүн жил бүр элэгний хепатитын халдварын шинжилгээ өгч, элэгний хэт авиан шинжилгээ хийлгэж байх хэрэгтэйг эмч нар зөвлөж байна.

 Ер нь зөвхөн элэгний хавдар ч биш, бүх төрлийн хавдрыг эрт илрүүлж эмчлүүлэх юм бол эдгэх бүрэн боломжтой. 

Ихэнх өндөр хөгжилтэй орнуудад төрийн бодлогоор зарим төрлийн хавдруудаас урьдчилан сэргийлэлтийн хөтөлбөрүүд хэрэгжиж, бүх хүн амаа бүрэн хамруулж, эрт үе шатанд нь хавдрыг илрүүлснээр тэдгээр улсад хавдар эдгэрдэггүй өвчин байхаа больсон сайхан жишээ олон бий.  Эн тэргүүнд элэгний өвчлөлийн оношилгоо, эмчилгээнд иргэдээ хамруулах шинэ бодлого манайд яах аргагүй үгүйлэгдэж байна.

TUSGAL.mn

Сэтгэгдэл үлдээх on ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРЫН НАС БАРАЛТ ДЭЛХИЙН ДУНДЖААС 8 ДАХИН ИХ БАЙНА

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.