Буддагийн ‘зөв үг’ гэдэг нь хийсвэрлэгч биш, чин шударгуу бодит байхын нэр. Будда олон асуултанд хариулахгүй дуугаа хураадаг байв. “Ертөнцийг хэн бүтээсэн юм бэ?” гэж асуухад тэрээр “Хэн ч бүтээсэн бай, эсвэл хэн ч бүтээгээгүй бай ялгаа юу байна? Ийм хийсвэр асуултанд битгий авт. Өөрт чинь хэрэг болох бодит зүйлийг л асуу” гэнэ. Хүмүүс үргэлж хийсвэр асуулт тавьж, хэрүүл тэмцэл хийдэг. Тэд зүгээр л хэрэлдэх далим хайдаг юм шиг. Маргааныг хагалах аргагүй асуултууд тэдэнд маш сайхан далим болж өгдөг. Тэгээд л эцэс төгсгөлгүй мэтгэлцэж гарна. “Бурхан ертөнцийг зургаан өдөрт бүтээсэн” гэж нэг нь хэлэхэд нөгөө нь “Тийм биш ээ. Бүтээх явц үргэлжилсээр байгаа, төгсөх болоогүй” гэж хэлнэ. Тэгтэл өөр нэг хүн “Бурханыг тэгвэл хэн бүтээсэн юм?” гээд л цамнаж эхэлнэ. Тийм болохоор Будда “Зөвхөн өөрийн амсаж мэдсэн зүйлийг ярьж бай. Бодит ашиг тустай зүйлийг л өгүүлж бай. Утгагүй хийрхэл, шимгүй үгэн дунд төөрөх хэрэггүй. Хэлж ярьж буй бүхэндээ хянамгай ханд” гэж хэлдэг.

Нэгэн улс төрч сэтгэцийн эмнэлэгт яриа хийхээр уригджээ. Яриагаа эхлээд арваад минут өнгөрөх үед нэг хархүү арын суудлаас босч хашгирав:
– Хөөе, та юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна. Тэгээд бас дэндүү их чалчиж байна. Амаа хамхиад дуугүй суувал яасан юм?
Улс төрч эрхлэгчид хандан:
– Тэр залууг гаргах хүртэл би жаахан хүлээе дээ гэхэд нь эрхлэгч:
– Гаргаж яах юм бэ, ноёнтоон? Хөөрхий залуу энд найман жил байсан. Анх удаагаа л ийм эрүүл саруул үг хэлж байна шүү дээ гэжээ.

Та нар улстөрчдийн яриаг анзаарч байсан уу? Тэд яриад л, яриад л байдаг. Тэгсэн хэрнээ юу ч ярьдаггүй. Тойрч гүйгээд байхаас өөр юмгүй. Эс тэгвэл хүмүүст баригдана шүү дээ. Эцсийн дүнд тэднээс ямар ч шийдэл олж чадахгүй. Тэд зүгээр л үгээр нааддаг. Үг өөрийн татах увдистай. Сайн анзаарвал чи үүнийг олж харах боломжтой. Нэг үг хэлэхэд тэр үг өөр нэг үг рүү хөтөлнө, мөнөөх үг бас өөр үг рүү хөтлөх зэргээр хөвөрсөөр эцэстээ чиний хэлэх гээгүй үгээр өндөрлөх жишээтэй. Үгийн татах увдисыг яруу найрагч, зохиолч нар сайн мэднэ. “Бид зохиолыг бичиж эхэлдэг, харин төгсгөдөггүй. Төгсгөл өөрийн жамаар ирдэг” гэж агуу зохиолчид бүгдээрээ хэлдэг. Үг үгээ татан дуудсаар нэг мэдэхэд чиний төсөөлөө ч үгүй төгсгөлд хүрэх болно.

“Үгэнд алдуурахаас болгоомжил. Чин зүрхнээс хэлэхийг хүссэн тэр зүйлээ л хэлж бай” хэмээн Будда сургажээ. Өөртөө юу хурааж, өрөөлд юу илгээж байгаадаа хянуур хандах учиртай. Тийм байж л дотоод төвдөө оршиж амьдарна. Хүмүүс дэндүү ажиг сэхээгүй амьдардаг. Аль таарснаа хүүдийлж явдаг. Биедээ ч, сэтгэлдээ ч тэр. Хөрш чинь ирээд хов жив ярих юм бол чи таашааж сонсоно. Харин цэцэрлэг рүү чинь хог хаях юм бол хэрүүл тэмцэл хийнэ. Тархи толгой руу чинь шидэж байгаа хог новшинд та нар уриалгахан ханддаг. Эрт, орой өөртөө хураасан хогоо амаараа дамжуулж бусдын толгой руу цутгаж таараа. Энэ бол үнэхээр элий балай явдал. Өөртөө хог бүү хураа, өрөөлийг ч битгий буртагла. Хог новш чинь дүүрээд ирвэл уул хад, ой мод, гол ус руу яв. Тэнд ханатлаа ярьж, өөрийгөө хоосол. Чиний үгийг байгаль сонсохгүй болохоор хор хөнөөл болохгүй. Хүмүүст л битгий уудал. Тэд хангалттай их хог новшиндоо үүртэж түүртэж яваа. ‘Зөв яриа’ гэдэг бол үг хэлэндээ үргэлж анхаарал сэхээтэй хандахын нэр.

“Хамгийн түрүүнд үг байсан” гэж Библид өгүүлдэг. Үгээс бүх юм өрнөжээ. “Үгээс ангижрах юм бол анхны цэвэр ахуйд нэвтэрнэ” гэж Будда хэлдэг. Чимээгүй болсны дараа чиний өгүүлэх бүхэн утга учиртай болно. Анзаарч байсан уу? Нэг өдөр мацаг барьсны дараах өдөр өлсөх мэдрэмж их өөр болдог. Цэвэр өлсөхүй чиний дотроос ургана. Мацаг барихгүй, өдөр тутам элдэв юмсаар биеэ чигжээд байх юм бол өлсөхүйн хэлийг мартаж, өлсөхүйн цэвэр сайхан, амьдлаг чанарыг огоорно. Мацаг барьсны дараах өдөр урьдын хоол хэвээрээ байлаа ч жир биш амттай болдог. Цэвэр өлсөхүй нь түүнд амт шимтийг бүтээдэг юм. Үг ярианд ч үүнтэй адил зүйл тохиолддог. Нам гүм байсны дараа хэлэх үгэнд өвөрмөц хүч оршдог. Чимээгүй байх нь мацаг сахилтай адил. Чиний үгэнд амт шимт, амьд чанарыг хүртээнэ. Энэ дэлхийд аниргүмд оршдог хүмүүс л туйлын чухал бөгөөд тэдний үг өнө үүрд үнэ цэнээ алдахгүй. Будда олон сараар чимээгүй байдаг байсан. Махавир арван хоёр жил чимээгүй байсан. Есүс ядарч сульдсан үедээ шавь нартаа “Намайг ганцааранг минь үлдээ” гэж хэлээд аглаг буйд руу явдаг байсан. Дөчин өдөр чимээгүй байсныхаа дараа тэр эргэж ирдэг. Тэр үед амнаас нь унах үг бүхэн очир алмааз мэт нандин байлаа. Үгээ үнэ цэнэтэй, нандин байгаасай гэж хүсч байвал чимээгүйд суралцах ёстой. Улам бүр чимээгүйд уус. Тэгээд нэг л өдөр зөв яриа гэж юу болохыг ойлгоно.

Агнистын гэгээ цуврал -12: “Зам мөр – Жам ёс”
(Дөчин хоёр бүлэгт судар, Ошо багшийн тайлбар)

AGNISTA.mn

Сэтгэгдэл үлдээх on Үгээ үнэ цэнэтэй, нандин байгаасай гэж хүсч байвал чимээгүйд суралцах ёстой.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.