Тэтгэлгийн зөвлөгөө ярилцлагын энэ удаагийн зочноор Австралийн Засгийн газрын тэтгэлгээр Австралийн Мельбурны Их Сургуульд Жендэр болон Хөгжлийн удирдлагаар суралцаж мастерын зэргээ хамгаалсан Н.Шижиртуяаг урилаа. Нийгмийн сэтгэлзүй, хөгжил судлаач мэргэжилтэй тэрээр одоо Ардчилсан намын Гадаад харилцаа, сургалт судалгааны газар ажиллаж байна. Австралийн сургалтын тэтгэлэг бол дэлхийн 100 гаруй орны залууст Засгийн газрын санхүүжилтээр Австралийн их дээд сургуулиудад суралцах, судалгаа хийх болон мэргэжил дээшлүүлэх боломж олгодог олон улсад нэр хүндтэй урт, богино хугацааны сургалтын тэтгэлэг юм.

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулж болох уу?

-Австралийн Засгийн газрын тэтгэлгээр 2014-2016 онд суралцаад одоо мэргэжлээрээ ажиллаж байна. Нам, улс төрийн ажил хийдэг гэхээр шүүмжлэх хүмүүс их байдаг. Гэхдээ энэ сонголтын ард олон шалтгаан, түүх бий. Одоо хоёр хүүхдийн ээж миний хувьд Монголдоо л сайхан амьдрахыг хүсдэг. Сүүлийн жилүүдэд жирийн гэдэг үг бас даруухан сонсогддог болжээ. Магадгүй бид жирийн биш байж бусдадаа үлгэрлэх ёстой юм шиг санагддаг. Нэг талаараа бид манлайлах хэрэгтэй. Манлайлал бол амбиц биш шүү. Хүн бүрд бусдаас ялгарах онцлог, өөрийн туулсан түүх гэж бий. Түүх болгон сургамж агуулдаг. Тиймээс өөрийн үнэн түүхээ бусадтай хуваалцаж, бусдад мэдээлэл, мэдлэг болгон түгээдэг байх нь нэг төрлийн манлайлал гэж бодож байна. Тэтгэлэгт хамрагдах гэж судалж буй залууст мэдээлэл бүхэн ач холбогдолтой, хэн нэгэнд үнэ цэнэтэй гэж бодож өөрийн туршлагаас дэлгэрэнгүй хуваалцъя.

-Яагаад Австралид суралцах сонголтыг хийсэн бэ, тэтгэлгийн мэдээллийг хаанаас авч байсан бэ?

-АНУ-ын Лас Вегаст 16 настай байхдаа анх хөл тавьж байсан. Тэр үед л эзгүй хээрийн элсэн цөлд ийм том бүтээн байгуулалт хийж дэлхийн хэмжээний хотыг босгосон туршлага ямар агуу вэ гэсэн мэдрэмж төрсөн.Хотын нисэх онгоцны буудлаас нь эхлээд нүд алдам гэрэл чимэглэл, тасралтгүй үргэлжлэх дуу чимээ, үзвэр үйлчилгээ, казино, мөрийтэй тоглоомын машинууд, тоглож буй хүмүүсийн сэтгэл хөдлөл, хүмүүс хоорондын харилцаа, цаашлаад тэдний амьдралын хэв маяг зэргийг алхам бүртээ гайхан алмайрч, харийн нутгийн хөгжлийг сонирхон судлах хүсэлд автсан. Энэ бүхэн хүний гар, ур ухаанаар бүтсэн гэж бодохоор “хүн” өөрөө хамгийн сонирхолтой судлагдахуун. Ингээд 2002-2004 онд “College of Southern Nevada”-д Сэтгэл судлалаар суралцаж , 2007 онд Монголдоо ирээд Нийгмийн ухааны магистрын зэргээ хамгаалсан. Түүнээс хойш хүн, нийгмийн харилцааг тасралтгүй сонирхон судалсаар л байна. Ер аливаа зүйлийг судлан сонирхох бүрд мэдэхгүй зүйл улам л их болж, илүү ихийг мэдмээр, сурмаар санагддаг. Тиймээс сурна гэдэг мэдэхийн их хүслээс эхэлдэг учиртай. Тухайн зүйлийн сурч мэдэх чин хүсэл биднийг амжилтад хөтөлдөг.

2012 оны хоёрдугаар сард би долоон сартай охиноо харан гэртээ байхдаа сонин дээрээс Австралийн Засгийн газрын тэтгэлгийн зарыг олж харсан.Тухайн үед тэтгэлгийн талаар мэдээллийг авахаар Чингис хаан Зочид буудалд болж байсан арга хэмжээн дээр очоод  танхимд маш олон залуус цугларсан байхыг хараад үнэндээ надад боломж байгаа эсэхэд маш их эргэлзсэн. Дэлхийн нэр хүнд бүхий хөтөлбөрт өөрийгөө хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг тийм ч амар биш гэдгийг хэд хэдэн тэтгэлгээр төгсөгчид, тэтгэлэг горилогчдын ном, нийтлэл, ярианаас уншиж, сонсож байсан тул өөрийгөө голонгуй байсан. Мөн надад материалаа бүрдүүлэх хоёр сарын хугацаа л байсан нь бүр итгэлгүй болгож байсан.

-Австралийн тэтгэлгийн талаар цогц мэдээлэл өгч болох уу?

-Тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор аваарай. (http://australiaawardsmongolia.org/index.php/mn/australia-awards-in-mongolia-3 ) Тухайн улс орны хөгжлийн тэргүүлэх салбаруудын хүний нөөцийн эрэлт, хэрэгцээнээс шалтгаалан өөр өөр мэргэжил, тоо бүхий хуваариуд дээр тэтгэлэг олгодог бөгөөд жил бүр дэлхийн 5000 гаруй оюутан, сурагчид энэхүү тэтгэлэгт хамрагдахыг горилж дэлхийн өнцөг булан бүрээс материалаа илгээдэг. Үүнээс  энэ тэтгэлгийн талбар маш өрсөлдөөнтэй гэдгийг харж болно. 2012 онд Монголоос нийт 38 оюутанд тэтгэлэг олгохоор зарлагдсан бөгөөд үүний 21 нь төрийн байгууллагууд буюу яам, агентлаг, улсын төсөвт байгууллагуудаас, 17 нь хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудаас сонгон шалгаруулахаар зарлагдсан байсан.

-Тэтгэлэгт хамрагдсан өөрийн түүхээс хуваалцвал?

-Миний хувьд 2006 онд анх Моннис группын Ниссан төвд худалдааны төлөөлөгчөөр ажилд орж 2011 оны зургадугаар сар хүртэл ажилласан. Тиймээс би категори хоёр буюу хувийн хэвшлийн байгууллагуудаас сонгон шалгаруулах ангилалд харьяалагдсан. Категори хоёроор материалаа бүрдүүлэхээр горилогчдын суралцах чиглэлийг тодорхой заасан бөгөөд үүнд эдийн засаг, банк санхүү, хууль, эрхзүй, уул уурхайн инженер, менежмент, газар тариалан, хортон шавж устгал, эм зүй, англи хэлний багш зэрэг мэргэжлүүд түлхүү байсан. Би жагсаалтын дээрээс миний ажлын туршлага, сонирхолд нийцсэн мэргэжлийг шүүн харсаар нэлээн доор нь Жендэр гэж бичсэн байхыг олж хараад шууд сонголтоо хийж байлаа. Ингээд л хоёр сарын хугацаанд Австралийн Засгийн газарт “намайг сонго, би үнэхээр сурч чадна, ирээд эх орондоо ихийг хийнэ” гэдгээ итгэн үнэмшүүлэх төлөвлөгөөндөө орсон. Надад бүрдүүлэх материал асар их байсан.

-Тэтгэлэгт эрт материалаа бүрдүүлэх хэрэгтэй гэж хүмүүс их зөвлөдөг. Таны хувьд их давчуу хугацаанд материалаа бэлтгэсэн байна. Материалаа хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Мэдээж хамгийн түрүүнд IELTS-ын шалгалт өгч оноогоо авах ёстой. Чи хэчнээн мундаг туршлагатай, ажлын арвин их түүхтэй байгаад Англи хэлний оноогүй бол ямар ч нэмэргүй. Шалгалтыг сард нэг л удаа өгөх боломжтой бөгөөд хариу нь 14 хоногийн дараа гардаг учраас надад материал авах сүүлчийн хугацаанаас амжиж шалгалт өгч оноогоо авах ганц л боломж байв. Хэдийгээр би урд нь АНУ-д суралцаж байсан боловч IELTS шалгалт бол систем, тактикийг нь зайлшгүй сурах ёстой шалгалт. Тиймээс арав хоногийн хугацаанд эрчимжүүлсэн сургалтад суусан. Энэ хугацаандаа л материалаа бүрдүүлсэн дээ.

-Ажиллаж байсан салбар, тэтгэлгээр суралцах чиглэл хоёр өөр байсан нь их анхаарал татаж байна. Тэтгэлэгт хамрагдахад туршлага хэр хамааралтай вэ?

-Хэдийгээр надад хүний эрх, жендэрийн асуудал бүхий салбаруудад ажиллаж байсан туршлага байгаагүй ч эмэгтэй хүний хувьд би энэ сэдвийг байнга сонирхон, энд тэнд болж байгаа хурал, цуглаануудад ажлынхаа хажуугаар сайн дураараа очиж оролцдог байлаа. Мундаг, мундаг манлайлагч эмэгтэйчүүд, залуу лидер, активист бүсгүйчүүдийн ажил, амьдралын туршлагаас сонсох, унших дуртай. Яг тэр үед би УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Гэрт болсон яриа” , “Америкад суралцсан тэмдэглэл” номуудыг уншиж байсан. Тэгээд энэ хүнийг олж уулзаад зөвлөгөө авах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд түүнд захиа бичсэн. Захидлаа онцгой байлгах үүднээс захиагаа их өвөрмөц эхэлсэн.  Эхний өгүүлбэрийг “Энэ билэгт сайн өдрийн мэндийг уламжлан...” гэж Монголоор бичээд цааш нь өөрийгөө Англиар танилцуулж бичиж байлаа.

Тэр их завгүй хүн намайг тоох болов уу гэж битүүхэндээ өөртөө итгэлгүйхэн байсан л даа. Гэтэл орой нь түүнээс хариу ирсэн  бөгөөд намайг гуравдугаар сарын 7-нд болох “Эмэгтэйчүүдийн нүдээр” үндэсний чуулганд оролцох, улмаар дөрөвдүгээр сард болох АЭХ-оос зохион байгуулагдаж буй “Нийгэм улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт илтгэлийн тэмцээнд орохыг хүссэн байлаа. Ингээд л тэтгэлгийн материалаа бүрдүүлэхийн хажуугаар илтгэлийн тэмцээнд өөрийгөө бэлтгэх ажил нэмэгдсэн дээ. Илтгэлийн тэмцээн дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд нийт 21 аймаг, 9 дүүргээс ирсэн 40 бүсгүйчүүд дунд өрнөсөн бөгөөд миний бие шилдгийн шилдэг илтгэгчээр шалгарч,  асар том урмын ташуур авсан. Ингэж би Ц.Оюунгэрэл гэх хүнд өөрийгөө таниулж, тэр хүнээс суралцах чиглэлийнхээ дагуу тодорхойлолт авах боломжоо бүрдүүлсэн. Ямар их баярлаж, бас өөрөөрөө битүүхэн бахархаж байсан гэж санана. Хүн үнэхээр чин сэтгэлээсээ хүсч чадах л юм бол хорвоо ертөнцийн бүхий л боломж чиний гарт байдаг гэдэгт итгээрэй.

-Тодорхойлох захидал, хэлний оноогоо бэлэн болгоод эссэндээ анхаарсан уу. Таны эссэний ялгарах онцлог юу байсан бэ?

-Илтгэлийн тэмцээнд орсны дараа тэтгэлгийн материалаа хүлээлгэн өгөх зургаан хоног үлдсэн байсан. Шаардлагатай материалууд ерөнхийдөө бэлэн болж, тэтгэлэг хүссэн өргөдөл буюу эссэгээ гүйцээж бичих дутуу байлаа. Тухайн үед тэтгэлэг горилогчид ярилцлагад ордоггүй байсан тул тэр алгын чинээ цаас л миний хэн бэ гэдгийг таниулна. Тиймээс 1000-1500 үгэнд багтаан өөрийнхөө хүсэл зорилгыг Монгол, Англиар илэрхийлнэ гэдэг тун нухацтай хандах асуудал.

Би анх тэтгэлгийн зар харж, өдөрлөгт оролцсоноосоо хойш нэг л асуултыг өөртөө байнга тавьсаар явсан. “Би яагаад сурах гээд байгаа билээ?” Энэ асуултын хариултыг олох хүртлээ би хоёр сар тасралтгүй судалж, суралцсан. Энэ асуулт миний эссэний “мотив” асуулт байсан. Эцэст нь би эссэ дээрээ дэлхийн болоод Монголын эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, жендэрийн эрх тэгш оролцооны талаар бичихээсээ илүү өөрийнхөө л тухай бичихээр шийдсэн. Би бол эмэгтэй хүн болж төрснөөрөө нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, ажил хөдөлмөрийн замналд ялгаварлал, тэмцэлтэй байнга тулгарч байдаг Монголын олон залуу ээж, эхнэрүүд, залгамж үеийн нэг.  Надад тохиолдож буй бэрхшээлүүд бусдад ч мөн тохиолдож байгаа. Тиймээс би бидэнд тулгамдаж буй асуудлуудын тухай өөрөөрөө жишээ аван бичсэн. Би үнэнийг л бичсэн. Миний эссэ тэтгэлэгт сонгогдох том шалтгаан болсон гэж боддог.

-Бид боломжоо хангалттай ашиглаж чаддаг гэж та боддог уу?

-Бусад орны залуустай харьцуулахад манай Монголын залуус их азтай, хувь заяатай хүмүүс гэж би боддог. Монгол орон маань хүн ам цөөнтэй, хүн амын дийлэнх нь залуус. Тиймээс өрсөлдөөн багатай. 1990 оноос Ардчилсан хувьсгал өрнөж Монгол Улсын гадаад харилцаанд үсрэнгүй дэвшил гарч залуус хүссэн улс, орондоо суралцах, жуулчлах нээлттэй боломжуудыг бидэнд олгосон.  Чи өөрөө л хичээвэл бүхий л боломж бидний өмнө нээлттэй байна.

Гэхдээ залуу хүний боломж, чадамж зөвхөн аль нэг улсын зарлаж буй тэтгэлгээр хязгаарлагдах учиргүй. Монголын залууст маш их боломжууд бий. Хамгийн гол нь бид тэр боломжийг өөрөө өөртөө нээж чадаж байна уу гэдэгт асуулт байгаа юм. Би ярилцлагынхаа эхэн үед хэлсэндээ, би яг юу хүсч, хэрхэн яаж амьдрахаа өрөөлөөс бус өөрөөсөө эхлээд асуу гэж. Тэгэхлээр хэрэв та тэтгэлэгт хамрагдахыг хүсч байгаа бол эхлээд өөрөөсөө энэ яг миний хүссэн хөтөлбөр мөн үү гэдгийг  нягтлах хэрэгтэй. Дараа нь, би үүнд цаг заваа зарцуулахад бэлэн үү гэдэгтээ хариулт ав. Зорилгоо зөв тодорхойл. Мөрөөдөх хэрэгтэй, гэхдээ бодитоор. Мөрөөдөлтэй байж зорилго тодорхой болно. Зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжийг өөртөө бий болгох хэрэгтэй. Ингэхээр боломжийг бид өөрсдөө л бий болгодог.

Би төгсч ирээд залууст энэ талаар хангалттай мэдээлэл өгье гээд хэд хэдэн сайн дурын уулзалтад оролцож, нэрийн хуудсаа тараан надтай холбогдсон хүн бүхэнд нээлттэй мэдээлэл өгөхийг зорьж байсан. Үнэ төлбөргүй шүү дээ. Уулзалтад 30-40 хүн хүрэлцэн ирдэг бол түүнээс надтай холбогдон зөвлөгөө авах нь 4-5 л хүн байдаг. Нэг жилийн өмнө би FARO International Education Group-ын урилгаар Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хэрхэн хамрагдсан тухай ярилцлага хийсэн юм. Уг ярилцлага маань 38:10 минутын бичлэг болж Youtube дээр тавигдсан байдаг. https://www.youtube.com/watch?v=uXjUxchP3PQ Одоогоор үүнийг 54 хүн л үзсэн байна. Тэгэхээр залуус боломжоо хангалттай ашиглаж чадаж байна уу гэдэг их гоё асуулт шиг санагдаж байна.

-Тэтгэлэг сонирхож байгаа мөртлөө эхний алхмаа хийгээгүй олон хүн бий. Зарим хүмүүс юунаас эхлэхээ мэддэггүй юм шиг санагддаг. Та тэр хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Хэл сур. Ялангуяа Англи хэлийг тултал нь сур. Бөөрөнхий дэлхийг хавтгай болгон нэгтгэж буй хоёр зүйл бий. Эхнийх нь интернэт, дараа нь Англи хэл. Энэ хоёр зүйл хоорондоо харилцан шууд хамааралтай. Залуус маань интернэтийг бол тултал нь ашигладаг юм шиг санагддаг. Магадгүй бүр хэтрүүлэн ашиглаад, хамаг цаг хугацаа, хайран боломжуудаа алдаад байх шиг. Интернэт бол ухаж барагдахгүй хэрэгтэй, хэрэггүй мэдээллийн уурхай л даа.  Интернэт, фэйсбүүкт байгаа мэдээлэл үнэн зөв болохыг бид яаж мэдэх вэ, өрөөлийн үгэнд авталгүй өөрөө үнэнийг хайж олохын тулд бид яах ёстой вэ гэдэг асуулт тавиад хариулах гэж хичээе.

Судлах л ёстой. Уг мэдээллийн эх сурвалжийг ухаж, харьцуулж судлах л хэрэгтэй. Тэгж байж та үнэнд ойрхон очих болно. Хэрэв та зөвхөн Монгол хэл дээр уншиж, судалж байдаг бол та Монголын хэмжээндээ л сэтгээд байна. Харин өөр бусад хэлээр ухаж, судлах бүрд өөртөө бас нэгэн шинэ ертөнцийг бий болгож дэлхийн хэмжээнд боддог болно. Хэл сурах тийм их ач холбогдолтой. Залуу хүний хувьд 21-р зуунд 2,3 хэлтэй болж байж бусдаас ялгарна, бусадтай өрсөлдөнө. Залуус маш их суралцаж байна. Чи тэднээс хоцорч болохгүй. Хэл сурахгүйгээр амжилтад хүрнэ гэж байхгүй. Хамгийн гол нь харийн хэл сурахын тулд өөрийн төрөлх Монгол хэлээ шамдан суралцах хэрэгтэй. Миний хувьд яруу найраг унш, ардын болон уртын дуу сонирх, сонс гэж зөвлөнө. Монгол хэлний яруу тансаг утга аялгууг өөрийн зүрхэндээ шингээ, мэдэр. Сонирхлоо өдөө. Хэл сурна гэдэг албадан шаардлага бус таны хобби, сонирхлоор өдөөгдөж бий болох дур байх ёстой. Сурч байгаа хэлэндээ дурла.

-Тэтгэлгээр суралцах гэж байгаа оюутан яг юунд анхаарах ёстой вэ?

-Тэтгэлгээр гэлтгүй ер нь гадагшаа явж суралцаж буй залуустаа нэг л зүйлийг анхааруулмаар байна. Энэ юу вэ гэвэл  “эх орон чинь хүлээж байгаа шүү”гэдгийг үргэлж зүрхэндээ тээж яваарай. Хүний газраас олж авсан эрдэм мэдлэг, туршлагаа эх орныхоо хөгжил дэвшилд зориулдаг байгаасай гэж хүсч байна. Гадагшаа явж суралцаад байгаа залуус нь тэндээ шингэн үлдээд байвал эх орныг минь хэн авч явах билээ. Монгол улсын минь ирээдүйг хэн залах вэ.

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд гадагшаа сурахаар явж буй залуус маань тэндээ үлдэх сонирхол ихтэй болсон санагддаг. Тэдний шийдвэрт маш олон хүчин зүйлс нөлөөлж байгааг ойлгож байна. Өнөөгийн Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байна. Ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна гээд тоочоод байвал харийн нутагт суурьшин үлдэх түмэн шалгаан байж болно. Гэхдээ хүний нутагт амьдарна гэдэг тийм ч амар асуудал биш л дээ. Хүний газар хөл тавьсан мөчөөс эхлээд л амь зуух/амьд гарах (survival) тэмцэл эхэлж, зогсолтгүй эргэх үүрэгт хариуцлагын тогтолцоонд ухрах эрхгүй орно. Худлаа хэлж, даргаа/багшаа найран хэд хоногоор хичээл/ажлаа таслах ойлголт гэж байхгүй. Тэнд бүх зүйл хариуцлагын системээр ажиллана.  Тиймээс залуус минь эх орондоо эргэн ирж эзэн нь  байгаарай  гэдгийг л хүсье.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 

ITOIM.mn

Сэтгэгдэл үлдээх on ​Н.Шижиртуяа: Тэтгэлэгт хамрагдахыг хүсч байгаа бол дараахь асуултыг өөрөөсөө заавал асуугаарай

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.