-Та одоогоор хэдэн хэл эзэмшсэн байна вэ?

-Чөлөөтэй ярьж чаддаг гэвэл англи хэл л байна. Харин орос, герман хэлийг бага зэрэг ойлгодог гэж хэлж болно.

-Таны хувьд англи хэлийг хэрхэн сурсан бэ. Тодруулбал, ямар арга барилаар?

-Миний англи хэлний төвшин 17 нас хүртэл ерөнхий боловсролын хэмжээнд буюу анхан шатны мэдлэгийн хэмжээнд байсан. Жишээлбэл, I”m, I go гэдэг л байсан гэсэн үг. Тэгээд Америкт сурч байх хугацаандаа англи хэлийг сайн хэрэглэж сурсан.

-Англи хэлийг тухайн нөхцөл орчинд нь сурахад давуу тал их байсан уу?

-Манай монгол сурагчид Америкт очихоор л америк хүүхдүүдтэй нийлж, үргэлж англиар ярина гэж боддог. Гэтэл үнэндээ Америкт очихоор англи хэл сайн мэдэхгүй солонгос, хятад гэх мэт орны хүүхдүүдтэй харилцдаг. Америк хүүхдүүд бидэнтэй тэр болгон харьцаж, тоглох нь ховор шүү дээ. Ийм болохоор Монголд англи хэл сурахтай адилхан нөхцөлд очдог гэж хэлж болох юм. Соёлын ялгаатай л болохоос хэл сурахын хувьд нэлээд хичээх шаардлагатай. Харин 16-аас доош насны хүүхэд англи хэлийг амархан сурах боломжтой байдаг. Ялангуяа 12-оос доош насны хүүхдүүд бие биенийгээ монгол, америк, солонгос гэж ялгалгүй тоглож, амархан нийгэмшдэг учраас гадаад хэлийг амархан сурчихдаг. Мөн 16 доош насны хүүхдүүдийн аливааг сонсох чадвар өндөр байдаг. Харин 16 дээш насанд гадаад хэл сурахад чадамжийн талаас хүндрэлтэй болдог. Тэгэхээр насанд хүрэгчдийн хувьд англи хэлийг маш их хичээж, тууштай зүтгэж байж сурна гэсэн үг.

-Ер нь англи хэл сурахад юуг анхаарах ёстой юм бэ?

-Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа нь юу гэхээр англи хэлээ төгс сайн болгочихоод ашиглаж эхлэх юм шиг санадаг. Гэтэл англи хэл сурна гэдэг нь цасан өвгөн барьж байгаатай адилхан зүйл юм. Эхлээд багахан хэмжээний цасан бөмбөлөг хийж, түүнийгээ өнхрүүлээд байхад томордог. Өөрөөр хэлбэл, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байсан ч ашиглаж сурах хэрэгтэй. Ингэхдээ өөрийгөө гололгүй, зоригтой ярьж эхлэх хэрэгтэй.

-Англи хэлний дүрэм сурах, үг цээжлэх хоёрын аль нь илүү чухал вэ. Ер нь ямар арга барилаар судалбал үр дүнд хүрэх вэ?

-Хоёулаа чухал. Сэргэлэн цовоо, ямар нэг аргаар англиар яриад ойлголцчихдог хүүхэд үйл үгийн баялагтай байдаг гэж хэлж болно. Ер нь интернэт хэрэглэдэг хүн дунджаар 1000 гаруй англи үгийг нийгмийн байдлаас хамааран мэддэг болсон байдаг. Жишээлбэл, tower, mobile, зэргээр мэддэг болсон байдаг. Ингээд 400 орчим англи үг мэддэг байхад цасан бөмбөлөг бий болж байгаа юм. Харин эдгээр үгээ хэрэглээ болгоно гэсэн үг. Англи хэлийг академик төвшинд сайжруулъя гэвэл хамгийн багадаа зургаан сар ямар нэгэн байдлаар ном барьж, системтэйгээр дүрэм үзэх шаардлагатай.

-Англи хэлийг олон жил сураад үр дүнд хүрэлгүй, залхсан хүмүүс дахин сурахаар бол тэмүүлэл, хүсэл эрмэлзлийг хэрхэн төрүүлэх вэ?

-Энэ нь англи хэл сурахад тулгардаг хамгийн том асуудал гэж бодож байна. Хүн угаасаа аливааг сурах, тэмүүллээ сэргээхгүй бол бага багаар алдаж байдаг. Тухайлбал, лангуун дээр байгаа бүтээгдэхүүнийг харсан ч худалдан авах хүсэл 3.5 өдрийн дараа байхгүй болдог. Үүнээс өмнө борлуулалтын ажилтан хэрэглэгчтэй холбогдох шаардлагатай байдаг шүү дээ. Тиймд өөрийгөө тогтмол эргэн тэмүүлэх сэдэл төрүүлж байх ёстой. Хүнийг хамгийн сайн тэмүүлүүлж чаддаг зүйл нь хүн юм. Иймд өөрт тань урам өгч чаддаг хүмүүстэй ойр ойрхон уулзах хэрэгтэй. Ингэвэл англи хэл сурах эрмэлзэл нь мохохгүй.

-Ер нь гадаад хэл сурч байхад үр дүн нь мэдэгдэхгүй, орхичихмоор санагдах үе байдаг. Энэ үед яах ёстой вэ?

-Англи хэл сурч байхад өсөлт нь мэдэгдэхгүй үе заавал ирдэг. Энэ үеийг давж чадахгүй уналтад ордог. Англи хэл сурах нь марафон гүйлттэй адилхан. Холын зайн тэмцээн, холын зорилго гэсэн үг. Тэгэхээр хэл сурах нь амаргүй гэдгийг хүлээн авч, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Түвэгтэй санагдсан ч болох ёстой зүйл, зүтгэх л ёстой гэж хүлээж авах нь чухал.

-Англи хэл сурахад хичээл зүтгэлээс эхлээд олон зүйл шаарддаг. Ер нь хувь хүн талаас ямар байх хэрэгтэй юм бэ?

-Хоёр зүйл л хэрэгтэй. Нэгдүгээрт, тэмүүлэл, хоёрт, сахилга бат хэрэгтэй. Учир нь сахилга бат гэдэг нь дуртай зүйлдээ үгүй гэж хэлж чаддаг байх юм. Тухайлбал, англи хэл сурахаас илүү өөр зүйл хиймээр санагдсан ч хэлнийхээ номыг бариад сууж чаддаг бол тэр хүн хэл сурч чадна гэсэн утгатай. Мөн өөрийнхөө мөн чанарыг таньж, “би мартдаг, хоолтойгоо холиод идчихдэг, шантардаг” гэдгээ мэдэх нь уналтын үеэс өмнө өөрийгөө зоригжуулдаг байхад тусална.

-Гадаад хэл сурах авьяастай хүн гэж байдаг. Тэгэхээр хүн болгоны хэл сурах хугацаа өөр өөр байдаг байх л даа. Ер нь англиар чөлөөтэй ярьж сурахад хэр хугацаа шаардагдах вэ?

-Миний хувьд англи хэлийг Америкт амьдарч байх хугацаанд сурч байсан. Тэгэхээр эх орондоо англи хэл сурахад арай илүү цаг хугацаа, тэвчээр, хичээл зүтгэл шаардана гэж бодож байна.

-Хувиараа англи хэл сурахад дүрмээ сурсан ч ярих, сонсох чадварын хувьд сул байх тохиолдол байдаг. Тэгэхээр ярих, сонсох чадвараа яаж хөгжүүлбэл илүү бодит үр дүнд хүрэх вэ?

-Англиар ярих, сонсох чадвараа хөгжүүлэхийн тулд заавал Америкт очиж сурах шаардлагагүй гэж бодож байна. Англи хэлний төвшнөөр илүү хүнтэй уулзаж ярилцах, машин болон гар утас, нөтебүүктээ байгаа дууг англи дуугаар солих, англи кино үзэх, долоо хоногт хамгийн багадаа гурван кино үзэх хэрэгтэй. Ингэхдээ жүжигчдийн дуу хоолойг байнга дуурайж үзэх нь үр дүнтэй.

Гэхдээ англи хэлний үйл үгийг үйл хөдлөлөөр ойлгуулахад амаргүй байдаг. Тухайлбал, сандал, ширээ, гар утас гэх мэт нэр үгийг амархан тайлбарлаж болдог. Иймд хамгийн түрүүнд үйл үгээ өөрийн болгочихвол гадаадад очоод хүмүүстээ харилцахад амар болно. Үйл үгээ эхэлж, цээжлээрэй гэж хэлмээр байна. Харин үг цээжлэхдээ дуудлага төстэй түлхүүр үгээр цээжилж болно шүү дээ.

-Таны хувьд сүүлийн үеийн залуусыг хэрхэн хардаг вэ. Залуу үеэ ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Манай залуус сонирхсон зүйлээ гүнзгийрүүлэн хөгжүүлж, чаддаг болсон гэж хардаг. Гэхдээ залуус маань өөрийн дуртай зүйлдээ бүх хүч хөдөлмөрөө зориулдаг байгаасай гэж хүсэж байна. Хийвэл хийсэн шиг хийдэг байгаасай.

-Та FARO education сургалтын төвийн захирал, “CALL PRO” LLC-г үүсгэн байгуулагч гээд олон ажлыг зэрэг эрхэлж байна. Ер нь яаж энэ олон ажлыг зэрэг амжилттай амжуулж чадаж байна вэ?

-Нэг хүний хийж чадах ажил байгалийн цагаар хязгаарлагддаг. Миний хийж байгаа ажлуудыг би ганцаараа хийсэн юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ миний ард маш олон хүмүүс ажиллаж байдаг. Тэгэхээр хамтран ажиллаж байгаа хүмүүс маань илүү үр бүтээлтэй ажиллаж байгаа гэж хардаг. Миний хувьд олон зүйлийг зэрэг амжуулахад гар нийлж чаддаг, сахилга баттай, ажлаа хариуцлагатай хийдэг баг байх ёстой гэж ойлгодог. Ийм баг бүрдсэн цагт гараас нь амжилт гарна гэж хэлмээр байна.

ITOIM.mn

Сэтгэгдэл үлдээх on ​​Б.Идэр-Од: Англи хэл сайн сурахад хүнээс хоёр зүйлийг зайлшгүй шаарддаг

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.