Японд үлдэж ажиллагчдын тоо 220 мянга гаруй байдаг байна. Жил бүрийн гуравдугаар сараас наймдугаар сар, есдүгээр сараас дараа оны нэгдүгээр сар бол Япон улсын жижиг том гэлтгүй бүх албан байгууллага, хувийн компани, үйлдвэрүүд шинээр ажилд орох хүмүүсээ сонгон шалгаруулдаг үе юм. Үүнд хамрагдах шаардлага нь их дээд сургууль төгссөн, бакалавр зэрэгтэй хэрэв бакалаврын зэрэггүй бол мэргэжлийн сертификаттай байхад болдог. Японд суралцах гурван боломж байдаг тус улсад ажиллах мөн л гурван төрлийн сонголт байдаг.

Эхнийх нь буюу хамгийн сайн арга бол хууль ёсны ажилтан болох. Ингэхийн тулд та бакалавр, магистр, докторын аль нэг зэрэгтэй байх эсвэл мэргэжлийн сертификат үнэмлэхтэй байх шаардлагатай. Хэрэв байхгүй бол өөрийн улсын аль нэг компанид ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байхыг шаардана. Мэдээж тэр компани тань Япон улстай харилцаа холбоотой ажилладаг бол давуу тал болно. 2012 оны байдлаар Японд их, дээд сургууль төгсөж ажилд орохыг хүссэн гадаад оюутнуудын тоо 11598 байснаас 10969 нь л ажилд орж чаджээ. Харин үлдсэн 729 оюутан ажилд орох хүсэлт гарагасан нь буцаагдсан юм. Энэ бол чамлахааргүй тоо юм. Одоогоор тус улсад 788 мянган гадаад иргэн ажиллаж байгаагийн 46 мянган нь мэргэжлээрээ, Японд шилжин ирж ажилладаг байна. Манай улсаас ч тус улсын компаниудад ажилд орж, мэргэжлээрээ ажилд орж хууль ёсны ажилтан болсон тохиолдол олон бий. Монгол Улсаас тус улсын компаниудад ажилд орж байгаа залуучуудын дийлэнх нь “IT” чиглэлээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, хууль ёсны ажилтан бол Японд ажлын виз авч, яг л япон иргэн шиг л амьдрах боломжтой гэсэн үг. Хэрэв ажилд орсон компанидаа таван жил тууштай ажиллавал Япон улсын ногоон карт авч, оршин суух эрхтэй болно гэсэн үг.

Хоёрдахь арга бол Японд оршин суух хугацаандаа ажиллах түр зуурын цагийн ажил юм. Цагийн ажил бол мэдээж ажлын виз гаргаж өгөхгүйгээс гадна ажлын байдал маш олон янз. Барилга барихаас авахуулаад компаниудад хэрэгцээтэй программ хангажийг нийлүүлэх зэрэг төрлийн хувьд маш олон янз. Цагийн ажил хийхийн тулд тавигдах нийтлэг шаардлага бол Япон хэлээр ярьдаг, ойлгодог байх ёстойгоос гадна визний төрөл аяллын гурван сарын визнээс бусад төрөлд байхад болно. Аяллын гурван сарын визээр ирсэн гадаад иргэд ажил их хайдаг ч ихэнх нь ажил олж чадалгүй буцсан байдаг. Ажил олж чадсан ч ихэнх нь танил талаараа эсвэл маш хүнд хүчний ажил хийдэг байна.

Гуравдахь сонголт бол хууль бусаар ажиллах. Өдгөө тус улсад ажиллаж байгаа 788 мянган гадаад иргэний 220 мянга нь хууль бусаар ажиллаж байгаа гэх тоон үзүүлэлт бий. Энэ нь бусад улстай харьцуулахад маш бага гэсэн үг. Энэхүү тоон үзүүлэлт Япон улс хууль бусаар оршин суугчидтай маш хатуу тэмцдэг гэдгийг харуулж байгаа юм. Хэрэв Японд хууль бусаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа бол нэг бол хотоос маш хол хөдөө газар тариалангийн ажил болон далайд загас агнах, төмрийн үйлдвэр зэрэг хүнд хүчир ажил хийх сонголт гарна. Хууль бусаар ажиллана гэдэг нь тус улсад гар утас ч авах эрхгүй, цалинг тань дутуу олгосон ч дутуу байна гэж нэхэх эрхгүй болдог. Хэрэв хууль бусаар ажиллаж байгаад баригдсан тохиолдолд таны ажиллаж байсан хугацаанд олсон нийт цалингаас торгууль тооцох бөгөөд Япон улсад дахин орж ирэх хугацааг гурван жил ба түүнээс дээш хугацаагаар хаах зэрэг арга хэмжээ авдаг байна. Гэвч Монгол Япон хоёр улсын хоорондын харилцаа өдрөөс өдөр ирэх тутам сайжирсан хэвээр байгаа тул хоёр орны иргэд хоорондоо ажлын туршлагаа солилцох хамтран ажиллах боломж улам нэмэгдсээр байгаа билээ. Монгол Улсаас Японд ажиллах гэрээт болон түр ажлын байр ихээр нэмэгдэж байгаа юм. Япон-Монголын төвөөс та тус улсад ажиллах ажлын байрыг сонирхож болно. 

ITOIM.mn

Сэтгэгдэл үлдээх on ​​Японд ажиллах гурван боломж

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.