Эрт урьд цагт нэг бадарчин эзгүй говийг туулж явжээ. Орой болоход айл таарсангүй. “Хээр хонох болох нь” гэж бодож явтал нэлээд хол газар гэр шиг цагаан юм харагджээ. Бадарчин ихэд баярлаж айлд очиж хонохоор алхаагаа түргэтгэн явсаар очтол гэр биш ө.гөршсөн сүүжний яс байж гэнэ. Нэгэнт гэгээ тасарч байсан тул аргагүй тэндээ хонов. Шөнө нойрон дунд нь ганц нүдтэй ч.өтгөртэй зодолдоод болохоо байхаар нь бадарчин уурлаж “Энэ муу ч.өтгөр ямар хаашаа юм, хүн зүгээр байлгахгүй” гээд аманд нь атга хөмүүл чихсэн чинь “Яасан гашуун юм” гэж хашгирч байна гэж шөнөжин зүүдлээд хоножээ. Маргааш өглөө нь бадарчин үүргээ үүрээд нэлээд хол яваад өчигдөр шөнийн ч.өтгөртэй ноцолдсон нь санаанд орж, дагаж яваагүй байгаа гэж бодоод,

– Одоо яаж байна? гэж асуусан чинь,

– Гашуун байна гэж ч.өтгөр хариулав. Энэ муу ч.өтгөр надаас салахгүй юм байна гэж бодоод амандаа ном уншиж баахан явж байгаад,

– Одоо яаж байна? гэж асуухад,

– Гашуун байна гэж. Бадарчин ч.өтгөрөөс хурдан салах гэж нэг живаа ном уншсан боловч ч.өтгөр туж дагаад салж өгсөнгүй.

Мөн тэгж явсаар орой болоход нэг айлд хүрч ирэв. Бадарчин тэр айлд бууж, хоол унд идэж уугаад унтахаар хэвтэв. Тэгээд нөгөө ч.өтгөр одоо нэг салсан байлгүй гэж бодоод,

– Одоо яаж байна? гэж асуутал,

– Гашуун байна гэж орон дотор нь дуугарав. Бадарчин ч.өтгөрөөс яаж нэг салья даа гэж бодож байснаа гэнэт нэг арга олж, Ч.өтгөрөөс салсан нь

– Чи унтаж бай. Би гарч шээчихээд ирье гэж хэлчихээд гарч явав. Бадарчин айлын гадна гараад,

– Одоо яаж байна? гэж асуусанд юу ч дуугарсангүй. Бадарчин баярлаж тэр чигтээ цаашаа алхав. Өглөө нь айлын хүмүүс босч цай ундаа уугаад, бадарчинг босохгүй болохоор нь “Энэ бадарчны бие нь ө.вдсөн юм биш биз” гэж ярилцаад хөнжлийг нь сөхөөд хартал ө.гөршсөн сүүжний яс хэвтэж байжээ. Гэрийн эзэд цочин сандарч,

– Өчигдрийн ирсэн бадарчин чинь ч.өтгөр байсан байжээ гэж хэлэлцээд ө.гөршсөн сүүжний ясыг галд хийж түлсэн чинь,

– Гашуун байна. Гашуун байна гэж хашгирсаар т.үлэгдэж үнс болсон гэдэг. Үүнээс хойш монголчууд идсэн малынхаа сүүжний ясыг гэрт хонуулдаггүй нь ийм учиртай юм гэнэ.

Сэтгэгдэл үлдээх on CҮҮЖНИЙ ЯСЫГ ГЭРТ ХОНУУЛДАГГҮЙН УЧИР

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.